ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА 

ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь анх Гэгээрлийн сайдын 2000 оны 4-р сарын 21-ний 9 тоот тушаалаар байгуулагдсан. Сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэн бүрэлдэхүүн сургууль болон ажиллахаар шийдвэрлэж, БСШУ-ны сайдын 2010 оны 4-р сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар ХИС-ийн Дархан салбар сургууль болсон. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу статус өөрчлөгдөж, БСШУС-ын сайдын 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн А/778 тоот тушаалаар ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль болон 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн боловсролын салбарт гадаад хэлний /Англи хэл/ багш бэлтгэх боловсролын хөтөлбөрт суурилан суралцахуй, багшлахуйн үйлийг зохион байгуулж  22 удаагийн төгсөлт хийж нийт 2,169 мэргэжилтэнг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлсэн туршлагатай хамт олон юм.   

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО 

ХИС- ийн “Бүтээлч оюуныг нийгмийн хөгжилд зориулах оюунлаг манлайлагч бэлтгэнэ” гэсэн зорилго, ХДС-ийн эрхэм зорилгод нийцүүлэн Багш, гадаад хэлний боловсролын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх мэдлэг чадвартай, хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл сурган хүмүүжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, боловсролын салбарт хамаарч байгаа мэргэжилтэнд шаардагдах мэдлэг боловсрол, ур чадвар болон ХИС- ийн төгсөгчийн нийтлэг чадамжийг эзэмшсэн менежер багшийг бэлтгэнэ.  

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ 

Багшийн ёс зүй, үнэт зүйл 

  • Суралцагчийн төлөө гэсэн сэтгэлтэй, тэдэнд хайртай, хүлээцтэй байхын дээр хүн бүр харилцан адилгүй, давуу, сул талтай, өөрийн гэсэн зан ааштай гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харилцаж, тэгш хамруулан сургадаг байна.  
  • Шүүмжлэх сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж, суралцагчдын санаа бодлыг хүндэтгэж, суралцагчид үнэ цэнийг мэдэрч, дүгнэлт хийхээс айхгүйгээр бодлоо илэрхийлэх эрх мэдэлтэй байх орчинг бүрдүүлнэ.  
  • Эх хэлээрээ утга төгөлдөр, яруу сайхан ярих бичих, харилцах, түүх соёл, үндэсний уламжлалаа мэддэг, зааж сурган өвлүүлэн уламжлуулдаг, олон соёлыг ойлгон хүндэтгэдэг байна.  
  • Суралцагчийн ахиц дэвшлийг байнга үнэлж, бүтээлч санал хүсэлтийг өгч, олон төрлийн хэрэгцээнд нийцүүлэн заах арга барилыг тохируулах. Суралцагчдын хэл ярианы ур чадварыг хөгжүүлэх, насан туршдаа суралцахад нь итгэл үнэмшил шинжлэх ухаанч мэргэжлийн үзэл санааг баримталдаг байна.  

Мэргэжлийн мэдлэг, чадвар 

  • Англи хэлний дүрэм, үгийн сан, дуудлага, бичгийн болон ярианы цогц чадамжийг эзэмшин, олон улсын стандартын С1 түвшний мэдлэг, заах арга зүйн орчин үеийн арга барилаар  гадаад хэлийг ойлгомжтой тайлбарлаж чаддаг байх. 
  • Англи хэлний сургалтын хөтөлбөр, хичээлийн уялдаа холбоог үр дүнтэй зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх чадварыг эзэмших. Сургалтын зорилгоо тодорхойлж, агуулгыг логик дараалалд оруулж, суралцагчдын ур чадварын түвшин, сонирхолд нийцүүлэн сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох ур чадвартай байна. 
  • Суралцагчдад ээлтэй, хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлж /бүтээлч, бодит орчинг танхимд бий болгож/, удирдан чиглүүлэх чадвартай, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулж хөгжүүлдэг байна.  
  • Суралцагч нэг бүрийн сонирхол, хувийн онцлог шинжийг нээж, дэмжин хөгжүүлэхээс гадна олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулдаг байна.  
  • Танхимын болон цахим сургалтын үйл ажиллагааг мэдээлэл харилцааны технологийг ашиглан оновчтой төлөвлөн үр дүнтэй зохион байгуулдаг байна.  

Мэргэжлийн хөгжил ба тусгал 

  • Гадаад, дотоодын чиг хандлагын онолын судалгаа ба багшлахуйн арга зүйг тусгаж сурах сургах чадвартай байна.  
  • Манлайлах, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн хамт олондоо манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлтгэдэг байна. 
  • Судалгааны ажил хэвлэн нийтлэх, боловсролын форум, эрдэм шижилгээний хуралд оролцох, шилдэг туршлага, шинэлэг санаагаа хуваалцах чадвартай байна. 
  • Мэргэжил нэгт багшийн хичээлийг ажиглах, өөр өөр сургалтын арга барил, стратеги, анги удирдан зохион байгуулах арга техникийг өөрийн практикт тусгадаг байх. 
  • Шинэ интерактив платформуудыг онлайн эсвэл холимог сургалтын хөтөлбөртөө оруулах, үүнээс өмнө өөрөө туршиж үзэн, суралцагчдадаа хэрэглээг бий болгох чадвартай байна. 

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ,  ДАВУУ ТАЛ 

  • Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр IELTS 7.0-7.5, iBTTOEFL 79-109 оноо авах түвшинд хүрэх  
  • Суралцах хугацаанд багшлах дадлага хийн онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн сорилтод суралцагчдыг бэлтгэнэ 
  • Бусад мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүдээс сонгон судалснаар багшаас гадна бусад олон төрлийн ажил, албан тушаалд ажиллах хөрвөх чадвар эзэмшинэ. 
  • Англи хэлний орчуулгын мэргэжлийн клубийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн үйлс, сайн дурын ажлын оролцоогоо хангах боломжтой.