Эрдмийн зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны хамрах хүрээ

Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь сургуулийн сургалт, судалгааны бодлого, чиглэлийг тодорхойлж, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргах, сургалт, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Эрдмийн зөвлөл”-ийн үйл ажиллагаандаа мөрдөх “Эрдмийн зөвлөлийн дүрэм”-ийг 2019 оны 01-р сарын 09-ний баталсан. Эрдмийн зөвлөл нь Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургуулийн профессор, дэд профессор, зөвлөх багш нарын төлөөлөл бүхий 21 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь профессор, дэд профессор багш нараас бүрдсэн.

Эрдмийн зөвлөл нь судалгаа, эрдэм шинжилгээний бодлогыг боловсруулах, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээнд доорх эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгон мөрдөж байна.Үүнд:

  1. “Эрдмийн зөвлөлийн дүрэм”
  2. “Эрдэм шинжилгээ, судалгааны бодлого”
  3. “Хүмүүнлэгийн дээд сургуулийн судалгааны ажилд баримтлах ёс зүйн дүрэм”
  4. “Ахисан түвшний суралцагчийг туслахаар ажиллуулах журам”
  5. “Багш нарын ажлын ачааллыг төлөвлөх, тооцох журам”
  6. “Эрдмийн хишиг олгох журам”
  7. “Ном, сурах бичиг, сургалтын материал бичиж хэвлүүлэхэд баримтлах журам”
  8. “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хэрэгжүүлэх журам”
  9. “Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үнэлэх журам”

ХДС нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого” зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн, ХДС-ийн бодлогын баримт бичиг болох “ХДС-ийн хөгжлийн үндэслэл 2018-2023”-т тусгагдсан “Шинжлэх ухааны салбаруудын солбицол дээр ХДС-ийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж нийгэм, эдийн засгийн дэвшилд бодит хувь нэмэр оруулах” зорилтын хүрээнд Эрдмийн зөвлөлийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр “ХДС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны бодлого”-ын баримт бичгийг баталсан.

Стратегийн баримт бичигт тусгагдсан тэргүүлэх зорилт, стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “ХДС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл”-үүдийг мөн хурлаар хэлэлцэн баталсан. Судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг бизнесийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, хэл шинжлэл, цахим сургалтын арга зүй, эерэг сэтгэл судлал, боловсрол судлал, боловсролын менежмент, хүүхдийн цогц хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, маркетинг, менежмент зэрэг чиглэлээр салбар дундын судалгаа хийх чиглэлүүдийг баталж, бакалавр болон ахисан түвшний суралцагчдад санал болгох судалгааны чиглэлүүдийг үүнтэй уялдуулан тодорхойлж сургалт, судалгаандаа мөрдөн ажиллаж байна.